Хэд хоногийн өмнө төв талбайд шээж байгаад илчлэгдсэн төрийн албан хаагчийг хахуулийн хэргээр АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Энэ албан хаагчийг Д.Нэмэхбаяр гэдэг бөгөөд түүний гэрт нэгжлэг хийхэд бэлнээр 18 сая төгрөг гарч иржээ. Үүний 14 саяыг нь хахуулийн мөнгө гэдгийг Д.Нэмэхбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ. Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна.
Нийслэлийн төрийн өмчийн бараг бүх сургууль дээр Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, иргэдээс багадаа 200 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тусгай сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүсээс ч хүртэл хахууль авсан нь нотлогдоод байна. Албан тушаалаа ашиглан бусдаас хясан боогдуулах замаар их, бага гэж гололгүй мөнгө авч, хахуулийн мөнгөө гэртээ хадгалж хуримтлуулсаар 14 сая төгрөг хүргэсэн бололтой.
Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Post a Comment