Их Британийн хөлбөмбөгийн "Charlton Athletic" клубийн залуу одууд болох Карлан Ахэрнэ-Грант (Karlan Ahearne-Grant) болон Рээко Хакэтт-Фэйрчаилд (Reeco Hackett-Fairchild) нар хүчингийн хэргээр өнгөрсөн мягмар гаригт баривчлагдсан байна. Тэдний шүүх хурал пүрэв гаригт болжээ.
Шүүх хурлаар хэргийг хүчин гэж шийдэхэд учир дутагдалтай хэмээн шийдсэн байна. Учир нь хохирогч гэгдэх 19 настай охин шүүх хурлын үеэр тэднийг шийтгэхийн оронд суллахыг хүссэн бичиг өгсөн нь асуулт дагуулж байгаа гэнэ. Охин амралтаараа "Ибиза" дахь зочид буудалд найзтайгаа буудалласан аж. Түүнийг найзтайгаа өрөө рүүгээ явах үед залуус дайрсан гэж тэр мэдүүлсэн байна. Хоёр нь түүнийг хүчиндэхийг оролдож байх үед нэг нь утсаараа бичлэг хийж байжээ. Түүний эцэг эх дараа өдөр нь охиноо дагуулан цагдаагийн газарт очсон байна.
"Хохирогчийн мэдүүлэг итгэл төрүүлж байна. Гэвч түүний биед ямар нэг шарх, хөхрөлт байхгүй байгаа нь эргэлзээтэй" гэж шүүгч хэлсэн байна. Мөн тэрээр Карлан Ахэрнэ-Грантын гар утаснаас устгасан бичлэгийг сэргээхээр цагдаагийн газарт явуулахаар шийдвэр гаргажээ. Энэ нь хэргийн чухал баримт болж магадгүй аж. 20 настай Карлан Ахэрнэ-Грантад шүүх хүчингийн хэрэг үүсгээгүй, харин бусдын хувийн орон зайд зүй бусаар халдсан гэж үзэж байгаа гэнэ. Түүний гадаад паспортыг хураагаагүй бөгөөд Ибизагаас гарч болно гэж шүүх үзжээ. Гэвч Карланыг Лондон дахь Испанийн Элчин сайдын яаманд сар бүрийн 1 болон 15-нд очиж бүртгүүлж байхыг шаардсан байна.
Нөгөө талд түүний багийн хамтрагч 20 настай Рээко Хакэтт-Фэйрчаилдыг хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн түүний найз 26 настай Олусола Одэжаяийг (Olusola Odejayi) ч мөн хүчингийн хэргээр буруутгаж байгаа гэнэ. Тэдний гадаад паспортыг хураан авсан төдийгүй орон нутгийн шүүхэд сард хоёр удаа ирж бүртгүүлэх шийдвэр гаргажээ.
Post a Comment